1000 жор

  • Хоолонд үндсэн амт өгдөг
  • Өвчин намдаахад сайн.
  • Битүү хавдарт давстай шорвог усаар шивших сайн
  • Нян устах үйлчилгээтэй.

Давс бол та бидний өдөр тутмын байнгын хэрэглээний нэг юм. Давс нь хоол хүнсний амт нэмэгдүүлэх бусад бүх амтлагчаас хавьгүй их хэмжээтэй хэрэглэгддэг. Амтлагчийн дотор ердийн хоолны давс онцгой байр эзэлнэ. Мөн зарим хүнсийг консервлож хадгалахын тулд их хэмжээний давсаар давсалдаг. Хүн плазм ба эсийн гаднах шингэндээ натрийн болон хлорын ионы амин чухал шаардлагатай концентрацийг барьж байхын тулд тэдгээрийг тодорхой хэмжээний хоолны давс хэлбэрээр гаднаас авч байдаг. Бүх төрлийн хоол хүнсэнд давсыг тодорхой хэмжээгээр хэрэглэж заншсан байдаг. Гэхдээ давс хүний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг тэр бүр хүмүүс мэддэггүй бөгөөд хүссэн хэмжээгээрээ хэрэглэсээр л байдаг. 

Насанд хүрсэн хүн өдөрт 1гр л давс хэрэглэх ёстой байдаг. Нялх болон бага насны хүүхэд 1гр-аас ч бага давс хэрэглэх ёстой. Харин судалгаагаар насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 6-8,5гр давс хэрэглэдэг ажээ. Давс нь аливаа хоол хүнсэнд амт оруулдаг боловч sodium chloride (NaCl) гэсэн химийн гаралтай эрдэс агуулдаг тул давсыг байнга хэтрүүлэн хэрэглэх нь хортой. 

Өдөр тутмын хоол хүнсэндээ давсыг хэтрүүлэн, их хэмжээгээр хэрэглэдэг бол  таргалалт, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, чихрийн шижин, ясны сийрэгжилт, бөөрний чулуу, ходоодны хорт хавдраар өвчлөх эх үүсвэр тавигдаж эдгээр өвчний гол шалтгаан болдог. 

Тиймээс эрүүл бөгөөд урт удаан амьдрахыг хүсвэл давсны хэмжээг эрс багасгаж бүр давс хэрэглэхгүй ч байсан болно. Мөн чипс, шарсан төмс, утсан гахайн мах гэх мэт давсны өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаарай. 

Үгийн гарал

Галиг

[dawas] (дабусу)

 

Этгээд үг хэллэг

давслах - ЯРИХ
давстай - ЯРИХ

 

Хэвшмэл хэлц

Давс хийвэл уустал
Ажил хийвэл дуустал

Давс шорвог боловч идээний амтанд тустай
Сургаал хатуу боловч хувийн ахилд тустай

Давс шорвог боловч идээний амтанд тустай
Үнэн үг ширүүн боловч хэтийн явдалд тустай

Давсан тэн олшгүй
Дайнд нөхөр болшгүй

 

Шилжсэн утга

давсанд явах (унтах)
давсан лүший (давс ширгээх үед үлдсэн шороотой ус)

 

Гурван цагаан “хор”-ын нэг давс

Монос Группийн Ерөнхийлөгч, Төрийн шагналт Л.Хүрэлбаатарын  бичсэн зөв хооллолт, эрүүл амьдрахуйн талаарх ээлжит нийтлэлийг толилуулж байна.

Монголчууд давс, өөх, чихэр гурвыг гурван цагаан хор гэж ярьдаг. Би хор гэдэг үгийг энэ өгүүллийнхээ гарчигт хаалтанд хийлээ. Эм зүйч мэргэжилтэй болохоор бүх зүйлийг тунгаар хэмжих гээд байдаг мэргэжлийн өвчин биз ээ. Тун нь таарвал ус ч гэсэн эм, тун нь таарахгүй бол хор. Тийм ээ, өөх тос, давс хужир, чихэр шиг хэрэгтэй зүйлс хүний амьдралд байхгүй. Дутагдвал өвчин, бүр их дутагдвал үхэж ч мэднэ. Бас ихэдвэл хор гэсэн үг, мөнөөх л өвчин , бүр хэтэрвэл үхэл дагуулна.

Энэ удаад давсны тухай өгүүлье. Эрт дээр үеэс хүмүүс давсны чухлыг ойлгож өндрөөр, зарим газар алттай адилтган үнэлдэг тухай дурдсан байдаг. Тухайлахад Ромд цэргүүдийн гавъяаг үнэлэн давсаар шагнадаг байж. Давсны нөөцгүй улс орныг тусгаар тогтнолын баталгаагүй ч гэж үздэг байжээ. Дайн болоход хамгийн түрүүнд давсны орд газрыг эзэлдэг заншил ч бас тогтсон байж.

Японы ард түмэн давсыг хүндэлдэг, ариусгах шидтэй идээний дээж гэж үздэг. Тэд хаалганыхаа хоёр талд давс тавьж орон гэрээсээ гарз хохирол гарахгүй байх, саар муу зүйл орохоос хамгаалдаг заншилтай. Хүнд давс бэлэглэх нь гай барцадаас хамгаалж, ариун үйлийг бэлгэдэн ерөөж буйг илэрхийлдэг аж.

 

1. Давс яагаад хэрэгтэй вэ

Бидний өдөр тутам хэрэглэдэг давс маань натри, хлор гэсэн химийн хоёр элементээс бүтдэг. Үүнээс натри нь бие махбодын давс, усны солилцоог тэнцвэржүүлж, эрхтэн системийн эсийн гадна болон дотор шилжин оршиж байдаг. Дунджаар 70 кг жинтэй хүн байлаа гэж бодоход 50 грамм натри, 15 литр орчим ус бие махбодын эсийн гадна оршдог. Энэ нь нийт биед агуулах натрийн 90 хувь нь гэсэн үг. Үлдсэн 10 хувь нь эсийн дотор оршдог. Хэвийн үед бөөр хүний биед байх давсны хэмжээг зохицуулж байдаг. Хэрэв биед илүүдэл давс орж ирвэл бөөрний ялгаруулах сувгаар биеэс давсыг шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Хүний биед илүүдэл хэмжээтэй давс хоол хүнсээр байнга орж ирэх үед бөөрөнд байх нэг сая орчим хялгаснаас нарийхан бичил судсууд ачааллаа даахаа больж, эцэстээ давсыг гадагш хөөн гаргах чадваргүй болдог. Үүний улмаас эсийн гадна орших цусан дахь натрийн хэмжээ 50 граммаас ихэсдэг байна.

Бие махбодын амьдралын чухал vйл ажиллагаа болох эсийн доторх химийн урвалууд зөвхөн усан орчинд явагдана. Хvний бие махбод дахь усны хэмжээ ямагт багасаж байдаг. Учир нь ус хvний хөлс, шээсээр мөн амьсгалын замаар ууршин гадагш гарна. Энэ нь биеийн температурыг зохицуулахад чухал vvрэгтэй юм. Биеэс алдсан усны дутагдлыг ямагт нөхөж байх шаардлагатай. Хvн усгvйгээр хэдхэн хоног амьдарч чадна. Эрдэс давс нь бие махбодын дотоод орчны найрлага ба усыг тогтмол барьж байдаг. Цусанд ууссан зарим эрдэс давс нь нvvрсхvчлийн хийг эдээс уушгинд очиход нөлөөлдөг. Цус бvлэгнэхэд кальцийн давс заавал шаардагдана. Ясны эдийн эс хоорондын бодисын дийлэнх нь эрдэс давснаас тогтоно. Бvх эс, эдэд болох бодисын солилцооны нарийн vйл явцад эрдэс давс оролцоно. Хvний биед шаардлагатай ихэнх эрдэс давс хоол хvнсний найрлагад хvрэлцээтэй байдаг. Гагцхvv натри хлор дутагдалтай байдаг учир хоолонд давс нэмж хэрэглэдэг.

Америкийн иргэн, зөв хооллолтын нэрт мэргэжилтэн агсан Пол Брэгг хүний бие махбодид давс гэгч эрдэс огт хэрэггүй төдийгүй хор хэмээн тодорхойлсон байдаг. Хэт туйлширсан, нэг талыг барьсан ,хүмүүсийн оюун ухааныг төөрөгдүүлсэн иймэрхүү тодорхойлолтуудын зарим нь ямар ч үндэслэлгүй, буруу болох нь өнөө үед шинжлэх ухааны судалгаагаа шинжилгээгээр батлагдсаар байна. Тэдгээрийн нэг нь давс. Давс хүний биемахбодид зайлшгүй шаардлагатай төдийгүй шингэний тэнцвэртэй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг дээр дурдсан билээ. Өөрөөр хэлбэл салс, шээс, цус, нулимс, хөлс зэрэг  бие махбодийн бараг бүх шингэнд давс шаардагддаг бөгөөд давсгүйгээр эсүүд ажиллаж чаддаггүй . Хэрвээ давс болон ус байхгүй бол эсүүд шаардлагатай тэжээлээ хүлээн авч чадахгүйгээс гадна усгүйгээр мөхөх аюулд ордог. Тэр атугай бие махбод давсны архаг дутмагшилд орсноор үхэх аюулд хүрдэг аж.

Дэлхий дээр олон төрлийн давс байдаг бөгөөд хоол хүнсэнд хамгийн тохиромжтой нь орчин үеийн шинжлэх ухаан хлорт натри / NaCl / гэж үздэг бөгөөд эл амтыг бид шорвог, давсархаг гэдэг. Бусад давс гашуун, хүчиллэг гэх мэт төрөл бүрийн амттай байдаг ч хүний хоолны хэрэгцээнд тус бүрдээ тодорхой ашиг тус агуулж байдаг ажээ. Тухайлбал, хүүхдийн сүүн тэжээлийн найрлагад хлорт магни, хлорт кали, хлорт натри гэсэн гурван төрлийн давс ордог байна.

Монголчуудын хувьд баруун аймгийнхан голдуу чулуун давс буюу жамц давс хэрэглэдэг. Жамц давсанд байдаг элементүүд нь хүний биенд хэрэгтэй дараах бодисыг агуулдаг.

Үүнд, Кальци :  Яс сийрэгжихээс сэргийлэх ба цус багадалтаас сэргийлнэ. Кали :  Булчин болон зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг. Хүхэр : Бие махбодийн эсэргүүцлийг сайжруулах ба хүний биеийг гадаад орчны бохирдол болон  цацраг туяанаас хамгаалдаг. Натри: Бие махбодийн усны хэмжээг зохицуулдаг. Төмөр : Бие махбодийг хүчил төрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулдаг. Иод : Иод нь бие махбодийн үндсэн солилцоо, уураг , өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулдаг төдийгүй өсөлт хөгжилт, чухал даавры исэлдэлт исэлдэн фосфоржих үйл явц , уургийн нийлэгжилтэнд нөлөөлдөг.

 Говь талын аймгийнхан хужир голдуу хэрэглэдэг. Хужирт натри хлоридоос гадна мөн л кальци, кали, магни, төмөр, иод зэрэг олон эрдэс агуулагддаг. Хоолны  давс нь ходоодны давсархаг хүчлийг бүрдүүлэгч гол эх үүсвэр агаад уг хүчил нь ходоодны шүүсний бүрэлдэхүүн хэсэг юм. Ходоодны хүчил багассан онош тогтоогдох үед эмч нар давсны хүчлийн сул уусмал бичдэг нь үүнтэй холбоотой.

 

2. Давс ихэдвэл

Давс ийнхүү дээр өгүүлсэнчлэн хүний биед маш чухал боловч хүний  илүүдэл хэмжээгээр орох үед таргалах, артерийн даралт ихдэх, үүнтэй холбоотой тархины цус харвалт, зүрхний шигдээс, ясны сийрэгжилт, бөөрний чулуу, ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг байна. Биед давс хэтрүүлж хэрэглэснээс натри ихсэхэд шээсээр ялгарах кальцийн хэмжээ мөн ихэсдэг байна. Ингэж бөөрөөр кальцаа их хэмжээгээр алдсанаар ясны сийрэгжилт үүсч, яс амархан хугардаг. Давс усыг өөртөө татаж байдаг. Давс ихтэй хоол цай идсэний дараа хүний ам их цангадаг. Энэ нь биед орсон давс усыг өөртөө татаж байна гэсэн үг. Үүний улмаас хүмүүс нэмээд давстай сүүтэй цайгаа  өөрийн мэдэлгүй уугаад байдаг аж. Ингэснээр судсаар урсах шингэн буюу цусны хэмжээ ихсэн, судсанд агуулагдах хэвийн хэмжээнээсээ давдаг учраас судасны хананд учруулах цусны даралт ихэсдэг. Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулан, артерийн даралт ихсэх өвчтэй болдог байна. Өөрөөр хэлбэл судасны хана хэврэгшиж, хагарахад амархан болж байна гэсэн үг. Нарийхан судсаар цусыг шахах гэж зүрх маш их ачаалалтай ажилладаг. Ингэснээр зүрхний булчин томрон хатуурч, булчингийнх нь цусан хангамж буурдаг.

Бидний идсэн давсны ихэнх нь гэртээ хийсэн хоолонд биш, харин худалдан авдаг талх, хиам, дарсан өргөст хэмх, кетчуп, европ бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн, чипс, самар зэрэг олон хүнсэнд агуулагддаг гэдгийг мартаж болохгүй. Давстай юм идсэн хүмүүсийн ам цангадгийг мэдсэн кинотеатр, үзвэр үйлчилгээний газар, баар, ресторанууд нь чипс, давсалсан самар их зардаг. Өөрөөр хэлбэл эдгээрийг идсэн үйлчлүүлэгчдийн ам цангаж, ус, ундааг ихээр худалдан авдаг гэсэн үг. Ам нь ихээр цангасан хүүхэд, залуучууд ус уухын оронд гаазтай, сахартай ундаа, жимсний шүүс сонгодог байна. Энэ нь биед орох сахарын хэмжээг ихэсгэж, таргалах шалтгаан болдог.

Хүнсэнд зориулан бэлтгэсэн давс нь нянгийн  үржил эсэргүүцэх чадвартай байдаг тул 10-15 хувийн давсны агууламж бүхий зүйл нянгийн үржлийг зогсоодог. Тиймдээ ч лаазалсан бүтээгдэхүүнд давсыг заавал ашигладаг байна.

Давс хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс  зүрх судасны өвчин ялангуяа зүрхний шигдээс тусах  магадлал давсыг тохируулан хэрэглэдэг хүнээс  50 хувиар илүү байдаг гэнэ.  Эмэгтэйчүүдийн хувьд давсны хэмжээг хэтрүүлсэнээр ясны сийрэгжил буюу остеопореоз тусах эрсдэл өндөр байдаг. Давсыг их хэрэглэвэл ходоодны өмөн үү тусдаг гэж зарим судлаачид үздэг. Судалгаагаар дэлхий дээр Япончууд давс хамгийн ихээр хэрэглэдэг, харин Их Британичууд хамгийн бага хэрэглэдэг улс болох нь тогтоогджээ. Тиймээс Япончууд, Их Британийг бодвол ходоодны өмөн үүгээр илүү их өвддөг гэнэ. Сүүлийн үед дэлхий нийтээр цусны даралт ихсэх  өвчний тархалт ихсэх болсон. Үүний гол буруутны нэг бол мөнөөх л давс юм.

Хүмүүсийн хоол хүнсэндээ давсыг хэрэглэх хэрэглээ нь огцом өссөн бөгөөд үүний үр дүнд дараах өвчнүүдийг тусах магадлал улам ихэсчээ.

Цусны даралт ихсэх: Хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад даралт ихтэй хүмүүс гурав дахин их давс хэрэглэдэг болохыг судлаачид нотолжээ.

Тархинд цус харвах: Давс их хэрэглэснээр судсаар урсах цусны хэмжээ ихсэн, судасны хананд учруулах цусны даралт ихэсдэг. Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулдаг ба тархинд цус харвах шалтгаан болно.

Ясны сийрэгжилт: Давс хэтрүүлэн хэрэглэх нь шээсээр кальци гадагшлах үйл явцыг түргэсгэснээр ясны сийрэгжилт үүсэх шалтгаан болдог.

Зүрхний шигдээс, зүрхний дутагдал: Хоолны давсыг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээс судасны хана зузаарч артерийн даралт ихсэж, улмаар зүрхний дутагдалд хүргэдэг байна.

Ходоодны хавдар: Утсан, давсалсан, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнүүд давс ихээр агуулдаг тул тогтмол хэрэглэх нь ходоодны хавдар үүсэх

Бөөр чулуужих өвчин: Бөөрний судасны хатуурал, нарийсал, бөөрний архаг дутагдал, ус эрдэсийн солилцооны алдагдал болно.

Бидний хувьд төстэй амьдралын хэв маягтай Төвдийн хүн амын дунд давсны хэрэглээг багасгаж, артерийн даралт ихсэх өвчтэй байсан хүмүүсийн даралтыг буулгаж чадсан нэгэн судалгааг Австралийн Олон Улсын Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс Хятад эрдэмтэдтэй хамтран хийжээ. Төвдийн ард түмэн бидэнтэй адил сүүтэй цайг шар тосоор цоргиж уудаг байна. Энэ цайндаа мэдээж бас бидэнтэй адил давс хийнэ. Ингээд давсны хэрэглээ монголчуудтай адил дэлхийн дунджаас бараг хоёр дахин их байдаг. Энэ судалгаанд хамрагдсан даралт ихсэх өвчтэй хүмүүст 12 сарын туршид сүүтэй цайндаа хийх давсыг нь кали, магниар баяжуулсан давсаар солиход гурван сарын дараагаас эхлэн артерийн даралт ихтэй хүмүүсийн даралт нь бууж, 12 сарын дараа гэхэд судасны уян чанар сэргэж эхэлсэн байна. Миний бодоход кали магниар баяжуулсан давс гэдэг нь манай говийнхны хэрэглэдэг хужиртай олон талаараа төстэй юм.

Давсны хэрэглээг хязгаардаж багасгаснаар цусны даралт багасч,үүний улмаас таны наснаас үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна. Хэрэв цусны даралт өндөр бол давс бага хэрэглэснээр таны даралт дөрвөн долоо хоногийн дараагаас буурч эхэлнэ. Энэхүү эерэг үр дүнг харахын тулд хоолныхоо давсыг жаахан багасгаад үзэхэд гэмгүй. Мөн давс бага хэрэглэснээр таны хэлний амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно.

 

3. Давс ба хүүхэд

12 хүртэл сартай хүүхдэд маш бага хэмжээний давс хэрэгтэй. Бүр өдөрт нэг граммаас ч бага байх ёстой. Хөхүүл хүүхэд эхийн хөхний сүүнээс яг өөрт нь зохистой хэмжээгээр давс авдаг. Харин хүүхдийн сүүн тэжээлд эхийн хөхний сүүнд агуулагддаг хэмжээтэй ойролцоо хэмжээгээр давс агуулагддаг. Хүүхэддээ хуурай хоол хүнс өгч эхлэхдээ давс нэмэх хэрэггүйг байнга санаж байх хэрэгтэй. Учир нь тэдний бөөр давсыг гадагшлуулж чаддаггүй. Давс их хэмжээгээр агуулдаг утсан мах, хиам, европ бяслаг зэрэг хүнсийг хүүхдэд өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн нялх хүүхдэд зориулаагүй, давс их хэмжээгээр агуулагдах магадлалтай өглөөний бэлэн хуурай хоол, соус зэргийг хүүхдэд өгөхөөс зайлсхийгээрэй. Худалдан авч буй хүнсний бүтээгдхүүнд агуулагдах давсны хэмжээг шалгаж байх хэрэгтэй. Учир нь хүүхдэд зориулсан хүнс ч гэсэн давс агуулсан байдаг. Тийм учраас хүнсний бүтээгдхүүний шошгон дээрх мэдээллийг уншиж, аль болох давс бага агуулсныг нь сонгож байхыг хичээгээрэй. Давстай жигнэмэг, чипс зэрэг амттанг хүүхэддээ худалдан авч өгөх тоогоо цөөрүүлэхийг оролдоод үзэх нь зүгээр. Тэдгээрийн оронд хатаасан жимс, хэрчсэн ногоо, жимс жимсгэнэ өгвөл зохистой. Нэмэлт давсгүй хоол унд идэж ууж заншихад тийм ч удаан хугацаа шаарддаггүй. Харин ч таны амтлах мэдрэмж сайжирч, тухайн хоол хүнсэнд байгаа бусад амтлагчийг илүү сайн мэдэрдэг болно. Ихэнх хүн, мөн хүүхдүүд хоногт хэрэглэх давсны хэмжээг зөвлөсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэдэг. Тийм болохоор та, өөрийн хүү болон охиныхоо хэрэглэсэн давсны хэмжээг тооцоод үзэх нь зүгээр шүү. Хүүхдүүд хэрэв давсаа хэтрүүлэн хэрэглэж байгаа бол тэдний эрүүл мэндэд ирээдүйд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн тэдний амтлах мэдрэмжид нөлөөлж, цаашдаа давстай хоол идэх зуршилтай болно. Давс ихтэй хоол хүнс идэх нь тэднийг ирээдүйд даралт ихсэх, цаашлаад зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлж байна. Хоногт хэрэглэх давсны нийт хэмжээ нь хүүхдийн наснаас хамааран өөр өөр байдаг. Үүнд 1-3 настай хүүхэд – хоногт 2 грамм давс буюу 0,8 грамм натри, 4-6 настай хүүхэд – хоногт 3 грамм давс буюу 1,2 грамм натри, 7-10 настай хүүхэд – хоногт 5 грамм давс буюу 2,0 грамм натри, 11 ба түүнээс дээш настай хүүхэд – хоногт 6 граммаас бага давс буюу 2,4 грамм натри байх нь зохимжтой гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тогтоожээ.

Хүүхдийн анхны нэмэгдэл хоол (6 сартайгаас)-ыг бэлтгэхдээ бантан, каш, зутанд нь давс нэмэх, давстай цай, хярам өгөх зэргээр давсны амтанд дасгаж, улмаар давсгүй цай ууна гэдэг ойлголтыг насан туршидаа төсөөлөх чадваргүй болгочихдог. Түүгээр ч үл барам хүүхдийн өсөлт хөгжил хэвийн явагдахад чухал үүрэгтэй, үл орлогдох уураг, аминхүчил, кальциар баялаг, илчлэг өндөртэй сүү, тараг, ааруул, ээзгий ээрэг бүтээгдэхүүнийг хүүхдэд авч өгөхийн оронд чипс, давсалсан самар, хиам, зайдас зэрэг давс ихтэй бүтээгдэхүүн өгч хооллолтын буруу дадлыг бага насанд бий болгодог. Тиймээс хүүхдүүд насанд хүрэгчдийн нэгэн адил давс ихтэй хоол хүнс хэрэглэж байна. Хүүхэд ба өсвөр насны үеийн хоолны зуршил нь хожимын амьдралынх нь хооллох хэв маягт нөлөөлдөг. Иймд давсны их хэрэглээ нь хүүхдүүдийн хөгжилд нөлөөлж насанд хүрсэн хойноо цусны даралт ихсэх, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа, ходоодны хавдар зэрэг өвчнөөр өвдөх эрсдлийг бий болгодог.

 

4. Бид давс хэр хэрэглэдэг вэ

Хүн хоногт 5г давсыг гаднаас авах шаардлагатай. Зарим судлаачид 6г гэдэг. Энэ хэмжээнээс илүүдэх аваас эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болно. Насанд хүрсэн монгол хүний хоногийн дундаж давсны хэрэглээ 7.1 гр зарим судлаачийн дүгнэснээр ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их буюу 11,1 гр, зарим аймагт гурав дахин их буюу 15,6 гр байгаа бөгөөд нийт хүн амын 83,2 хувь нь таван граммаас их давс хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Монгол Улс цусны даралтаараа Азийн 35 орны хэмжээнд нэгдүгээрт орж байгаа. Энэ нь гурван хүн тутмын нэг нь цусны даралттай гэсэн үг. Иргэд даралт ихэслээ гээд эм уугаад яваад байдаг. Гэтэл тэрнийхээ оронд өдөр тутам хэрэглэдэг давсны хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Энэ нь хамгийн үр дүнтэй, хамгийн хямд аргын нэг байж магадгүй  юм. Бидний хоногт идсэн нийт давсны 75 хувь нь талх, хиам, төрөл бүрийн соус зэрэг өдөр тутам иддэг хүнсний бүтээгдхүүнд агуулагдсан байдаг. Тийм болохоор та хоолондоо давс нэмдэггүй ч гэсэн давс хэтрүүлэн хэрэглэх нь тун амархан.

5. Давсны хэрэглээгээ яаж багасгах вэ

Та хоолондоо давс нэмдэг, мөн давсархаг зүйл идэх дуртай бол мэдээжийн хэрэг давсаа багасгах эхний үед түүнийгээ үгүйлнэ. Яагаад гэхээр таны хэлний амтлах мэдрэмж давсанд хэтэрхий дассан байдаг. Тийм болохоор та эхний үедээ аль болох давс султайдуу хоол хүнс хэрэглээд үзэх хэрэгтэй. Гэхдээ бидний хэлний амтлах мэдрэмж нэг сарын дараа гэхэд өөрчлөгдөж, та давсгүй хоол хүнсийг амтархан иддэг болно. Магадгүй давс таны хэлний амтлах мэдрэмжийг бууруулж, бусад хоолны амтлагчийг нарийн ялгаж, мэдрэхгүй байсан байж болох юм. Таны амтлах мэдрэмж тодорхой хугацааны дараа дасан зохицож, давсгүй хоол хүнсийг илүү таашаан үздэг болно.

Зарим хоол хүнс давс их хэмжээгээр агуулдаг ч гэсэн шорвог амтагддаггүй. Учир нь тийм бүтээгдэхүүн нь шорвог амтагдуулахгүйн тулд чихэр ихээр агуулсан байдаг. Жишээ нь: үр тариагаар хийсэн зарим төрлийн өглөөний хуурай хоол.

Мөн таны хэлний амтлах мэдрэмж давсанд хэтэрхий дассан болохоор зарим хүнсний бүтээгдхүүнд агуулагдсан давсны амтыг мэдрэхгүй байж болох юм. Давс бага, давсгүй хоол хүнс хэрэглээд эхлэхээр хүний амтлах мэдрэмж сайжирдаг болохоор урьд нь идэж байсан хоол хүнс давс ихтэй юм шиг мэдрэгдэж, “ямар шорвог юм бэ” гэж гайхдаг.

Дан ганц хоол цайндаа хийх давсаа багасгана гэсэн үг биш юм. Та дэлгүүрээс хүнс худалдан авахдаа ижил төрлийн бүтээгдхүүний давсны агууламжийг харьцуулж үзээрэй. Гэхдээ үйлдвэрийн ихэнх хүнсний бүтээгдхүүнд хэдий хэмжээний давс, сахар агуулсан байгааг шошгон дээрээ бичдэггүйг бас анхаараарай. Заримдаа тэдгээрт агуулагдах давсны хэмжээ ямар их ялгаатай байгааг харж болно. Зарим төрлийн талх, өглөөний бэлэн хуурай хоол, печень жигнэмэг, төрөл бүрийн амтлагч соус, лаазалсан ногоо, хиам зэрэг хүнсний бэлэн бүтээгдхүүнд их хэмжээгээр агуулагдсан байдаг тул аль болох эдгээр бүтээгдхүүнийг бага хэрэглэхийг хичээх хэрэгтэй.

Иргэдийн давсны хэрэглээг бууруулах үүднээс "Талх чихэр” компани 2012 оноос эхлэн “Атар”, “Ургац”, “Мишээл”, “Та Чи” зэрэг арав гаруй бүтээгдэхүүнийхээ давсыг багасгасныг мэдэхэд илүүдэхгүй.

 

6. Давсны хэрэглээгээ бууруулахын тулд

Хүүхдэд бүр багаас нь  нь давс, сахар багатай хоол өгч хэвшүүлэх нь зүйтэй. Давсгүй цай ууж занших, хүнс, хоол бэлтгэхдээ давсны хэмжээг нь аажим бууруулах, гэхдээ өдөр өдрөөр, бага багаар давсаа багасгах нь зүйтэй. Ингэвэл давс ахиухан хэрэглэдэг өөрт тань болон гэр бүлийнхэнд тань давс багатай хоол хэрэглэж байгаа нь мэдэгдэхгүй нэг л мэдэхэд давс багатай хоол хүнс хэрэглэдэг болсон байх болно.

Хүнсний бүтээгдхүүний сав, баглаа боодлын шошгыг сонголт хийхээсээ өмнө сайн унших нь зүйтэй. 100 гр хүнсний бүтээгдхүүнд 0.3 грамм, эсвэл түүнээс бага давс агуулсан хүнсний бүтээгдхүүнийг давс багатай гэж үздэг. Импортоор орж ирсэн зарим хүнсний бүтээгдхүүний шошгон дээр давсны хэмжээг биш, натрийн хэмжээг Na гээд ард нь бичсэн байдаг. Ийм тохиолдолд 100 гр хүнсний бүтээгдхүүнд 0.1 грамм, түүнээс бага Na агуулсан бүтээгдэхүүнийг сонгоорой. 'no added salt' гэсэн бичигтэй буюу нэмэлт давс ороогүй лаазалсан ногоо, ургамлыг сонгож хэрэглэнэ. Хэрэв хүнсний бүтээгдхүүнд агуулагдаж буй натрийн хэмжээ мэдэгдэж байвал уг бүтээгдхүүнд агуулагдах давсны хэмжээ нь түүнээс 2,5 дахин их байдаг. Насанд хүрсэн хүний өдөрт хэрэглэх давсны дундаж хэмжээ зургаан грамм гэж үзвэл натри 2,4 грамм байх учиртай. Хүүхдийн хувьд том хүнээс харьцангуй бага давс хэрэглэх ёстой бөгөөд нас насаар дээр дурьдсан билээ.

Давс ихтэй хүнсний бүтээгдхүүний хэрэглээг багасгана. Лаазалсан мах, шууз, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, нөөшилсөн ногоо, давсалсан амттан (самар) хэрэглэхээс татгалзах нь зүйтэй. Гадуур хооллох үедээ тогооч, зөөгчид давс багатай хоол идэх сонирхолтой байгаагаа хэлээрэй. Ялангуяа ресторануудад зарагдаж байгаа пицца маш их давстай байдаг. Яагаад гэвэл давсалсан бяслаг их ордог, дээрээс нь нэмээд давс цацдаг. Лаазалсан загас, давслаг амтлагч болох жан, цуу, гич, улаан лоолийн сүмс зэргийн хэрэглээг хязгаарлана.

Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагч хэрэглэ. Сонгино, Сармис, Цагаан гаа, Халиар, Жууцай, Лаврын навч, Гоньд, Яншуй, Чинжүү, Хүнхээл, Мангир, Таана гэх мэт бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагч байж болно. Хоол идэхдээ эхэлж амталж үзээд, давс нэмэхгүй байх нь зүйтэй. Хатаасан жимс, ногоо, давслаагүй самар зэрэг давс бага агуулсан амттанг хэрэглэ. Үнэхээр давс багатай, давсгүй хоол идэж чадахгүй бол кали, магниар баяжуулсан давс хэрэглэж болно.

Бидний хоногт хэрэглэж буй давсны 3/4 орчим нь “далд” буюу хүнсний бүтээгдэхүүнд агуулагдсан давс, 1/4 нь “ил” буюу хоол хүнс бэлтгэхдээ нэмж хийдэг давс байдаг. Өдөр тутам хэрэглэдэг олон бүтээгдэхүүн давсны агууламж өндөртэй буюу “далд” давс ихтэй.

Давс ихтэй хүнсийг дурдвал: Хиам, давсалж утсан мах, нөөшилсөн мах, загас, ногоо, даршилсан ногоо, цуу, чипс гэх мэт олон зүйл бий.

Лувсангийн Хүрэлбаатар